Мазаалайг хайрлан, хамгаалцгаая
Манай дэлхий дээр говийн баавгай тоо тоолгой жил ирэх тусам багасаад байгаа билээ. Миний сүүлд сонссоноор бол 3-5 үлдсэн гэж байсан. Мазаалайн талаар noyon.mn дээр бичсэнийг та бүхэнд сонирхуулж байна шүү. Мазаалайн хамгийн ойрын төрөл нь Төвдөд байдаг гэсэн тэнд очиж хээлтүүлэн тоо толгойг нэмэх боломжтой талаар жиргээч @Uyanga_ts надад дуулгаж байсан. Энэ бол хамгийн зөв гарц гэж тэр хэлсэн. Би бол санал нэг байгаа. Мөн бид нар идшийг нь ч болтугай бэлдэж өгч болох юм ч гэсэн бодол миний толгойд зурвас хийх юм.
Хүрэн баавгайн нэгэн шинэ төрөл зүйл болох өвөрмөц бүтэцтэй, сонирхолтой амьтан Монголын говьд идээшин амьдарч буйг анх 1940-өөд оны үед Оросын эрдэмтэд илрүүлсэн байна. Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул амьтан гэж хэлж болно.
Хамгийн сүүлийн генетик судалгаагаар Гималайн хүрэн баавгай нь Говийн баавгай болохыг баталсан бөгөөд Пакистан болон Хятадын нутгаар нутагладаг баавгайтай генетикийн хувьд хамгийн ойр амьтан ажээ. Биеийн ерөнхий хэлбэр хэмжээ, өнгө зүс нь ойн хүрэн баавгайтай төстэй. 1960-70 оны үед Монгол-Зөвлөлтийн судлаачид хамтран мазаалайг тоолж "ердөө 50 хүрэхгүй үлджээ" гэдэг түгшүүртэй мэдээг дуулгасан байна.
1991 онд 40 толгой байсан боловч 2006 оны судалгаагаар 22 болж тоо толгой нь улам цөөрсөөр байгаа аж. Уг нь 1953 оноос говийн баавгайг агнахыг хориглон, Монгол Улсын Улаан номонд хоёр ч удаа "нэн ховор амьтан" гэж бүртгэсэн ч мазаалайн тоо толгой өсөөгүй бөгөөд улам бүр цөөрсөөр байгаа ажээ.
Мазаалайг говийн Атас уул, Шар хулс, Цагаан богд уулын орчимд 16 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг бүхий гурван бүсэд амьдарч байгааг тогтоосон байна.
Нас бие гүйцсэн эр мазаалайг эвш, эмийг шармаахай, үр төлийг аламцаг гэдэг ажээ. Мазаалай V-VII дугаар сард ороонд орж, X cap хээлээ тээгээд хавар IV-V сард ихэвчлэн нэг, заримдаа ихэр бамбарууш төрүүлдэг байна.
Аламцаг нь хоёроос гурван жил эхийн хамт амьдардаг аж. Гол тэжээл нь бажууна, хармаг өвс, хөмүүл, таана юм. Мазаалай ихэвчлэн ургамлаар хооллодог ч хавар хөхтөн амьтдын сэг, мэрэгч амьтад, мөн шавьж ч иддэг байна. Идэш тэжээлийн дутагдлаас гадна говьд хүмүүс нутаглах болсон нь энэ амьтанд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж, нутгийн зах руу дайжихад хүргэжээ.
Хүмүүс мазаалайн доньдыг авах зорилгоор, эсвэл хээр таараад айхдаа буудчихдаг байсан байна. Тархсан газар нь хоорондоо улам алслагдсан учраас үржлийн үед нэгийгээ хайж олохгүй байх тохиолдлын улмаас үржил муу явагдаж тоо толгой нь цөөрөх бас нэг шалтгаан болжээ.
Сүүлийн үед мазаалайн тоо толгойг хамгаалах, нэмэгдүүлэх зорилго бүхий гадаад дотоодын төслүүд багагүй хэрэгжиж байгаа. 1985 оноос хойш мазаалайг ичээнээс гарах IV-V cap, ичээнд орох XI дүгээр сард Их говийн дархан цаазат газрын захиргаанаас нэмэлт тэжээл болох уураг, тос, амин дэм, лууван, эрдэнэ шиш зэргийг тавьж өгөх болсон байна.
Мазаалай тайван бэлчиж, идээшилж, алхаж явахдаа их удаан, болхи, бөөдий амьтан шиг харагддаг ч цочиж үргэсэн үедээ хөнгөн шаламгай, уулын өөд, уруу ялгалгүй хол хол харайж, маш хурдан "давхидаг" байна. Хад асганд дүүлэх, дамжин гүйхдээ маш гарамгай, хурдан, шалмаг. Бусад баавгайнуудын адил догшин, ширүүн хэдэр зантай. Гэхдээ мазаалай сонор сэрэмжтэй, чимээ холоос сонсдог, хараа тааруу амьтан аж.
Говийн толгод дундуур явахдаа хоёр хөл дээрээ зогсож алсын бараа хардаг бөгөөд мазаалайн хойд хөл хэлбэр, дүрсээрээ хүний тавхайн мөртэй ойролцоо байдаг нь бас л сонирхолтой. Мөн говьд ургадаг "хармаг" жимсийг идэж согтоод, хүн шиг агсам тавьж хүн мал руу чулуу хүртэл нүүлгэн, цээжээ балбан муухай аашилж бахирдаг этгээд зантай гэнэ. Үүнийг харсан говийн анчид "энэ жил хармаг их ургажээ дээ" хэмээн өөр хоорондоо хэлэлцдэг ажээ. Халуун наранд халж иссэн жимс ийнхүү мазаалай баавгайг согтоодог гэнэ шүү.