“Эх дэлхийн цаг”-т урьж байна



Хүн төрөлхтөнийг гамшгийн хэмжээнд очсон цаг агаарын өөрчлөлтөд анхаарлыг нь хандуулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас анх 2007 онд санаачлан “Эх Дэлхийн цаг” хэмээх арга хэмжээг зохион явуулж эхэлсэн юм. Энэ арга хэмжээний гол онцлог нь гэрлээ унтраах. Нэг цагийн турш гэрлээ унтрааснаар цахилгаан хэмнэж дэлхийн дулааралд нөлөөлөх нь “Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго биш. Харин иргэн та гэрлээ нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т оролцсоноор юуны түрүүнд эх дэлхийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байгаагаа харуулах юм.Та бүхний хийж чадах энэ энгийн үйлдэл дулаарал,уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй дэлхий нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулна.Анх Австралид зохион явуулсан энэ арга хэмжээ жил ирэх тусам хүрээгээ тэлж олны анхаарлын төвд зүй ёсоор ороод байна. 2008 онд болсон “Эх Дэлхийн цаг”-т зургаан тивийн 36 сая гаруй хүн биечлэн оролцжээ. Энэ үеэр дэлхийд алдартай Америкийн “Эмпайр стэйт билдинг”, Чикагогийн “Сирс тавер”, Чикагогийн “Алтан гүүр” зэрэг олон барилга байгууламжийн гэрлийг нэг цагийн турш унтрааж иргэдийн анхаарлыг татаж чадсан юм. Энэхүү арга хэмжээнд өнгөрсөн жил дэлхийн 5159 хотын 900 гаруй сая хүн албан ёсоор оролцжээ. Монгол улс ч энэхүү буянтай, сэтгэл хөдөлгөм арга хэмжээнд 2010 оноос эхлэн оролцож дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж эхэлсэн. Монгол Улсын нийслэл энэ жил тус арга хэмжээнд хоёр дахь удаагаа албан ёсоор оролцоно.Энэ сарын 26-нд Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар(WWF), нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч MCS Coca-Cola компани,”Сэнгүр” брэнд хамтран зохион байгуулна.20 цагт эхлэх арга хэмжээний үеэр урлаг,соёлын тоглолт болох бөгөөд 20 цаг 30 минутад Сүхбаатарын талбай дээр гэрлээ унтрааж “Лаатай үдэш” хийх юм. Дэлхийгээ аврах монголчуудын хүсэл энд нийлнэ. Хэрвээ та амьдран суугаа дэлхийгээ аварч хойч үедээ бэлэг барихыг хүсч байгаа бол Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж бидэнтэй нэгдээрэй.Ирж чадахгүй байсан ч та санаа зоволтгүй. 20 цаг 30 минутад та амьдран суугаа газрынхаа гэрэл,цахилгааныг нэг цаг унтрааж эх дэлхийгээ аврах тэмцэлд биечлэн оролцох боломж байна.Таныг эх дэлхий,”Эх дэлхийн цаг” дуудаж байна.